АнХаар: Энэ хуудас нь гүйцэт бэлтгэгдэж дуусаагүй учраас загвар маяг болон үг утгын алдаанд энэрэнгүй хандана уу :)
Pidgin хэмээх тагтааны зургаар тэмдэгээ болгосон энэ програм нь ( цаашид би тагтаа гэж бичих болно ) олон төрлийн месенжер үйлчилгээнүүдийг ( Yahoo!, AIM, Bonjour, Gadu-Gadu, Google Talk, Groupwise, ICQ, IRC, MSN, MySpaceIM, QQ, SILC, SIMPLE, Sametime, XMPP) нэг програмаас ашиглаж болохоор зориулагдсан хэрэглээний програм юм. Хэрэв ийм төрлийн олон месенжер үйлчилгээнүүдийг дэмждэг програм байхгүй байсан бол, та хэрэглэдэг месенжер болгондоо тохирсон хэрэглэгчийн програмуудыг татаж авч суулгах шаардлагатай болдог. Тэгвэл "тагтаа" танд бүгдийг нэг цонхноос зохицуулах боломж өгнө. Энэ вэб хуудасны зорилго нь уг програмыг илгээх зурвасдаа нууцлалын хувиргалт хэрхэн хийж ашиглахыг зааварлахад оршино. Тавигдах ганц шаардлага: харилцагч тал ижилхэн програм ашиглах ёстой.
Нэн тэргүүнд албан ёсных нь вэб хуудаснаас татаж авна ( эсвэл мөн эндээс. Гэхдээ вэб хуудаснаас хамгийн сүүлийн үеийн хувилбарыг нь татсан нь илүү найдвартайг анхаарна уу ). Татаж аваад суулгацыг эхлүүлэхэд суулгах хэл, лицензийн зөвшөөрөл ( санаа зоволтгүй: үнэггүй, нээлттэй эхтэй програмын лиценз ), хаана суулгах зэргийг танаас асуух болно.
Суулгац амжилттай болсон бол "тагтаагаа нисгэе" ( эхлүүлнэ ). Програмыг хамгийн анх ажиллуулах үед танаас ямар төрлийн месенжер хэрэглэдэг, мөн тэр месенжерээ сонгож нэмэх самбар гарч ирдэг. Уг самбарт хэрэглэх месенжерээ сонгож түүндээ хэрэглэгдэг хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ( нууц үг оруулах талбарын дэргэд оруулсан нууц үгээ хадгалж болдог чагт бий. Дахин дахин оруулах шаардлагаггүй гэвэл тэр чагтыг чагтлаж болно ) оруулна.
Месенжерийн эрхээ тохируулж дуусаад хадгалсан бол та ердийн хэрэглэх шатандаа хүрлээ гэсэн үг ( Нэг цонхонд бүх танил нөхдүүдийн тань нэрс холбогдсоны дараа гарч ирдэг). Хэрэв та дараа нь дахин шинэ месенжер эрхтэй болоод тэрийгээ нэмэх хүсэлтэй бол Accounts -> Manage Accounts гэсэн цэсийг сонгож анх нэмж байсан самбар нээгдэх болно.
Хэрэв та илгээх зурвасдаа нууцлалын хувиргалт хийхгүй гэж байгаа бол энд таны уншлага дуусаж байна. Эндээс та Байнга асуугддаг асуултууд гэсэн хэсгээс нэмэлт зүйлс сонирхож болох юм. Энэ вэб хуудасны үндсэн зорилго нь нууцлал хувиргуурыг тохируулахад байгаа учир түүнийг зорьсон хүмүүс цааш нь үргэлжлүүлэн уншина уу :)
Тагтааны Windows үйлдлийн системд зориулсан хувилбар нь нууц хувиргалт хийдэг өргөтгөлгүй ирдэг. Тэгэхээр нууцлалын өргөтгөлийнх нь вэб хуудаснаас татаж авах хэрэгтэй. ( Вэб хуудасных нь баруун талд буй Downloads гэсэн талбарт windows үйлдлийн системд зориулсан Win32 self-extracting binary гэсэн татаж авах хэсэг бий. Эсвэл эндээс татаж авч бас болно)
Татаж авч дуусаад суулгахаасаа өмнө "тагтаагаа" унтраах/зогсоох хэрэгтэй. Windows үйлдлийн систем дээр Task bar буюу Start хэмээх эхлэх товч байдаг урт самбарын баруун төгсгөлд нь байгаа "тагтааны" тэмдэг зураг дээр ( logo/icon ) хулганы баруун товчийг дарж үүссэн цэс дээрх гарах гэсэн сонголт дээр дарах хэрэгтэй. Өргөтгөлөө суулгаж дуусаад тагтаагаа програмын цэснээс олж дахин ачаалж эхлүүлнэ.
Төгсгөлд нь Tools цэснээс Plugins гэдгийг сонгож үүссэн цонхонд буй өргөтгөлүүдийн жагсаалтнаас Pidgin-Encryption гэдгийг сонгож чагталж идэвхижүүлнэ. Харилцагч тал нь ийм өргөтгөл суулгаагүй бол таны бичиж байгаа цонхны цэсний баруун талд саарал өнгөтэй нээлттэй цоожны зураг харагдах болно. Энэ нь таны харилцах дамжуулалтанд ямар ч нууцлалын хувиргалтгүй энгийн текст хэлбэрээр илгээгдэж байгааг илэрхийлж байгаа юм. Хэрэв таны харилцагч тал адилхан өргөтгөл суулгасан бол уг саарал цоож дээр дарж үүссэн Enable Encryption гэсэн товчийг дарж идэвхижүүлдэг.
Хоорондоо АНХ удаагаа идэвхижүүлж байгаа бол аль аль талд нь харилцагч талынх нь нууцлалын түлхүүрийг зөвшөөрч хадгалах уу гэсэн лавлах асуулт тавигддаг ( лавлаж асуусан самбар үүснэ. Энэ нь шинэ хүнтэй анх удаа нууц хувиргууртай холболт хийх үед гардаг). Аль аль талдаа зөвшөөрч хадгалсан үед хоёр ногоон өөд өөдөөсөө харсан цоож гарч ирсэнээр баталгаат, нууцлалын хувиргууртай холболт тогтоно. Энэ асуулт нь зөвхөн харилцагч хүнтэйгээ анх удаагаа холбогдох үед л асуугддаг. Дараа дараачийн холболтонд харилцагч тал тань өргөтгөлөө идэвхижүүлсэн байвал цоож автоматаар ногоон болох болно. ( Магадгүй зарим тохиолдолд та саарал цоожин дээр дарж идэвхижүүлэх шаардлага гарч болзошгүй. Энэ хэсэгт би өөртөө тийм итгэлтэй биш байна. )
Энэ хэсэгт суулгах зааврыг зурагтай хамт алхам алхамаар тайлбарлахыг хичээе.
Бараг бүх өргөн дэлгэрсэн месенжер програмууд илгээгдэж байгаа текстэндээ нууц хувиргалт хийдэггүй энгийн текст хэлбэрээр нь дамжуулдаг. Сүлжээний зангилаан дээрх тусгай эрхтэй хүмүүс юмуу хакер хэмээгч нөхдүүд тэр дамжуулах протоколыг хулгайлж дундаас унших боломжтой. Хэрэв энэ өгүүлбэр таныг айлгахгүй байгаа бол энэ хуудас танд бас хэрэггүй. :)
Одоохондоо үгүй.
Болохгүй. Учир нь тагтаа таны хандах эрхийг тань хэрэглэж холбогдсон учраас хэрэв жишээлбэл та yahoo messenger-р холбогдсон байгаад дараа нь тагтааг ачаалбал тагтаа тэр холбоог тань авч yahoo салгагдах болно. Гэхдээ та хэрэв олон месенежер үйлчилгээ ашигладаг бол ялангуяа yahoo web camera зэргийг хэрэглэх үе гарвал тагтаан дээрээ Accounts -> Manage Accounts хэсэгт yahoo эрхээ түр хориод дараа нь yahoo месенежерээ ажиллуулж ердийн ашигладгаараа ашиглаж болох юм.
Энэ нь голдуу харилцагч хоёр тал харилцаж эхлэх үед гардаг. Requesting key... гэсэн бичиг таныг нууц хувиргалт идэвхижүүлчихээд эхний тескт илгээх үед нөгөө талдаа харилцах түлхүүр үг лавлаж асууж байгаа дамжуулалтын протоколын мэдээлэл юм. Хэрэв хоёр цоож үүсэхгүй удах, бичсэн текст болгонд энэ үг гарч байвал харилцагч тал тань нууц хувиргалтаа идэвхижүүлээгүй юмуу эсвэл нууц хувиргалтын түлхүүр таарахгүй юмуу эсвэл таныхыг хүлээж авахгүй татгалзсан байж болох юм. Error in decryption- asking for resend... гэсэн бичиг дамжуулах үед алдаа гарсан юмуу эсвэл харилцагч тал нууц түлхүүрээ солиод холболт хийгдсэн үед гардаг ( жишээ нь ажил дээрээсээ холбогдож ярьж байгаад дараа нь гарч гэрээсээ орж ирэхэд өмнө байсан холболт гэрээс холбогдсон шинэ түлхүүр үгтэй зөрчилдөж холболт шинэчлэгдэх шаардлагатай болдог ). Гэхдээ та илүү үйлдэл хийх шаардлагаггүй. Тагтаа тэр холболтын нууцлалтыг автоматаар дахин сэргээж шинэ холболт үүсгэчихдэг.
Таны илгээгдсэн текст тань нөгөө талдаа зөв очоогүй бол ( сүлжээнд ямар нэгэн хэмжээгээр саатах юмуу дутуу очих гэх мэт шалтгаанаас болж нууцлагдсан текст бүрэн очихгүй байх магадлалтай ) энэ бичиг гардаг. Нөгөө харилцагч тал таны бичсэнийг уншаагүй байгаа болохоор та дахин илгээх хэрэгтэй.