5.7. Дэлгэцийн орчин

Хамтран бичсэн Valentino Vaschetto.

Энэ хэсэгт FreeBSD-н Х-д зориулсан төрөл бүрийн дэлгэцийн орчнуудыг тайлбарлах болно. “Дэлгэцийн орчин” гэдэгт энгийн цонх зохицуулагчаас авахуулаад төрөл бүрийн ширээний програмыг агуулсан цогц програмууд болох КДЭ болон ГНОМ зэрэг ордог.

5.7.1. GNOME буюу ГНОМ

5.7.1.1. ГНОМ-н тухай

ГНОМ гэдэг нь компьютераа тохируулахад тань амарчилж хөнгөвчилсөн дэлгэцийн програмын орчин юм. ГНОМ дотор самбар (програм эхлүүлэх болон төлөв байдлыг нь харуулах зорилготой), дэлгэцийн орон зай (програмууд байрлахад зориулагдсан ), дэлгэцийн хэрэгслүүд болон програмуудын цуглуулга, мөн програмууд өөр хоорондоо зохицож ажиллахад зориулагдсан хэд хэдэн журам агуулагдаж байдаг. Өөр үйлдлийн систем юм уу эсвэл өөр орчинд ажиллаж сурсан хүмүүст ГНОМ-н санал болгож байгаа хүчтэй бөгөөд аятайхан график орчин нь дасахад амар санагддаг. FreeBSD дээрх ГНОМ-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг FreeBSD-н ГНОМ Төслийн вэб хуудаснаас харах хэрэгтэй. Уг вэб хуудсанд ГНОМ-г хэрхэн суулгаж тохируулан мөн зохицуулах талаар нэлээн өргөн хэмжээний асуулт хариултууд байдаг.

5.7.1.2. ГНОМ-г суулгах

Энэ програм хангамжийг портын цуглуулга юм уу эсвэл багцаас хялбар аргаар суулгаж болно:

Сүлжээнээс ГНОМ-г багц хэлбэрээр нь суулгахыг хүсвэл дараах тушаалыг өгөхөд хангалттай:

# pkg_add -r gnome2

ГНОМ-г порт дотор эх бичлэгээс нь хөрвүүлж суулгахыг хүсвэл дараах тушаалаар суулгана:

# cd /usr/ports/x11/gnome2
# make install clean

ГНОМ суугдсаны дараа Х серверт анхдагч цонх зохицуулагчийн оронд ГНОМ эхлэхийг зааж өгөх хэрэг гардаг.

ГНОМ-г эхлүүлэх амархан арга бол ГНОМ-н харуулалтыг зохицуулагч буюу GDM-г хэрэглэх билээ. GDM нь ГНОМ-той хамт суугддаг (гэхдээ анхдагч тохиргоогоороо бол хоригдсон байдаг) бөгөөд /etc/rc.conf файл дотор gdm_enable="YES" мөрийг нэмэн оруулснаар идэвхжүүлдэг. Шинээр ачаалагдах үед нэвтрэлт хийсний дараа нэмэлт тохируулга хийлгүйгээр ГНОМ автоматаар эхэлдэг.

ГНОМ-г мөн тушаал бичдэг мөрнөөс .xinitrc файлд зөв тохируулга хийснээр ажиллуулж бас болно. Хэрэв .xinitrc файл өмнө нь байж байвал уг файлд байгаа цонх зохицуулагч эхлэх мөрийг арилгаад оронд нь /usr/local/bin/gnome-session гэж оруулах хэрэгтэй. Хэрэв нэг их онц чухал мөр уг тохиргооны файл дотор байхгүй гэж та мэдэж байгаа бол дараах тушаалыг өгч бас болно:

% echo "/usr/local/bin/gnome-session" > ~/.xinitrc

Тэгээд startx гэсэн тушаалыг бичихэд ГНОМ дэлгэцийн орчин эхлэх болно.

Тэмдэглэл: Хэрэв XDM юм уу ямар нэгэн өөр дэлгэцийн орчин хэрэглэгдэж байсан бол .xsession гэсэн файл үүсгээд уг файл дотор өмнө ярьж байсан оруулгыг оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд уг файлыг засварлагчаар нээгээд дотор байгаа мөрийг /usr/local/bin/gnome-session мөрөөр дарж бичихэд болно:

% echo "#!/bin/sh" > ~/.xsession
% echo "/usr/local/bin/gnome-session" >> ~/.xsession
% chmod +x ~/.xsession

Өөр нэг сонголт бол цонх зохицуулагчид өөрчлөлт хийж нэвтрэлт хийгдэх үед дэлгэцийн орчныг сонгож болдгоор тохируулж болдог. КДЭ-н дэлгэрэнгүй хэсэгт КДЭ-н дэлгэцийн орчны зохицуулагч kdm дээр хэрхэн үүнийг хийдэг талаар тайлбарласан байгаа.

5.7.1.3. ГНОМ дээрх Anti-aliased үсгийн маягууд

X11 нь өөрийнхөө “RENDER” өргөтгөлийг ашиглан anti-aliased үсгийн маягийг харуулж байдаг. GTK+ 2.0 болон түүнээс дээшхи хувилбар нь ( ГНОМ-д хэрэглэгддэг багаж хэрэгсэл) уг өргөтгөлийг ашиглаж чаддаг. anti-aliasing үсгийн маягийг тохируулах талаар Хэсэг 5.5.3 хэсэгт өгүүлсэн байгаа. Тэгэхээр програмаа шинэчилснээр ГНОМ орчинд anti-aliasing үсгийн маяг хэрэглэгдэж болно. Applications->Desktop Preferences->Font цэсийг сонгоод түүнээс Best shapes, Best contrast, эсвэл Subpixel smoothing (LCDs) гэдгийг сонгоход л боллоо. ГНОМ-д харъяалагддаггүй GTK+ програмуудад бол ажиллуулахаасаа өмнө GDK_USE_XFT гэдэг орчны хувьсагчид 1 гэсэн утга өгөөд дараа нь уг програмыг ажиллуулбал болно.

5.7.2. КДЭ

5.7.2.1. KDE-н тухай

КДЭ бол хэрэглэхэд тун амар орчин үеийн дэлгэцийн орчин юм. Хэрэглэгчид хэрэгтэй КДЭ-н санал болгодог зарим зүйлс бол:

  • Орчин үеийн сайхан дэлгэцийн орчин

  • Сүлжээгээр ажиллуулахад ямар ч хүндрэлгүй

  • КДЭ дэлгэцийн орчин болон түүний програмуудад зориулж өөртөө агуулсан тусламжийн системтэй

  • КДЭ-н бүх програмууддаа тохирсон загвар маягтай

  • Стандартчлагдсан цэс болон багажит самбар, гарын товчлолууд, өнгөний хүснэгт гэх мэтчилэн.

  • Internationalization буюу олон хэлийн дэмжлэг: КДЭ нь 40 гаран гадаад хэл дээр боломжтой

  • Бүх дэлгэцийн орчны тохируулгыг төвлөрүүлсэн цонхот загвартай тохиргоо хийх боломж

  • Маш олон КДЭ програмууд

КДЭ нь Konqueror нэртэй UNIX® ертөнцөд өрсөлдөөн ихтэй хөтлөгчүүдийн нэг болох вэб хөтлөгчтэй хамт ирдэг. КДЭ-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг KDE вэб хуудаснаас харж болно. КДЭ-тэй холбоотой эх үүсвэрүүд болон FreeBSD-тэй холбоотой тусгай мэдээллийг FreeBSD-ийн баг дахь KDE вэб хуудаснаас лавлах хэрэгтэй.

5.7.2.2. КДЭ-г суулгах нь

ГНОМ болон бусад дэлгэцийн орчны програмуудыг суулгадаг шиг энэхүү програм хангамжийг портын цуглуулга юм уу эсвэл багцаас хялбар аргаар суулгаж болно:

Сүлжээгээр КДЭ-г багц хэлбэрээр суулгана гэвэл дараах тушаалыг өгөхөд л болно:

# pkg_add -r kde

pkg_add(1) автоматаар уг програмын сүүлийн хувилбарыг нь нөхөж суулгах болно.

КДЭ-г порт цуглуулганаас эх бичлэгээс нь хөрвүүлж суулгана гэвэл:

# cd /usr/ports/x11/kde3
# make install clean

КДЭ суугдсаны дараа Х серверт анхдагч цонх зохицуулагчийн оронд КДЭ-г ажиллуулна гэж зааж өгөх хэрэгтэй. Үүний тулд .xinitrc файлыг дараах аргаар засварлаж мөн болно:

% echo "exec startkde" > ~/.xinitrc

Одоо ингээд startx тушаалыг ажиллуулбал КДЭ дэлгэцийн орчин эхлэх болно.

Хэрэв урьд нь XDM зэрэг өөр дэлгэцийн орчин хэрэглэгдэж байсан бол тохируулга арай өөр байх болно. Тэр үед .xsession файлыг засварлах хэрэгтэй. Энэ бүлгийн сүүл хэсэгт kdm-н талаар зааварласан байгаа.

5.7.3. KDE-н талаар дэлгэрэнгүй

Одоо КДЭ суугдсан байгаа болохоор ихэнх зүйлсийг та тусламжийн системийг нь ашиглан нээж олох юм уу эсвэл зүгээр л цэснүүд дээр дарж туршиж болох юм. Windows® эсвэл Mac® төрлийн хэрэглэгчдэд бол бараг гэртээ байгаа юм шиг л сэтгэгдэл төрөх байх.

КДЭ-н хамгийн сайн заавар бичиг баримтууд интернэт дээр бий. КДЭ өөртэйгөө хамт Konqueror хөтлөгч мөн маш олон програм болон өргөжүүлсэн бичиг баримтуудтай ирдэг. Бүлгийн үлдсэн хэсэгт санамсаргүй нээж олсон ч гэсэн сурахад хүндрэлтэй техникийн зарим асуудлуудыг зааварчлах болно.

5.7.3.1. KDE Display Manager буюу КДЭ-н дэлгэцийн зохицуулагч

Олон хэрэглэгчтэй системийн администратор хэрэглэгчдэд график нэвтрэх горим хэрэглэхийг хүсдэг. Өмнө тайлбарласны дагуу XDM ийм зорилгоор бас хэрэглэгдэж болно. Гэхдээ КДЭ бас үүнтэй ижил үүрэг гүйцэтгэж чадах kdm нэртэй харагдац сайтай эвтэйхэн нэвтрэх хэсгийг санал болгодог. Мөн хэрэглэгч бүр уг зохицуулагчийн цэснээс ямар дэлгэцийн орчинд холбогдохоо (КДЭ, ГНОМ, эсвэл бусад өөр) нэвтрэх үедээ сонгож болдог.

kdm-г идэвхжүүлэхийн тулд /etc/ttys файлд буй ttyv8 гэсэн оруулгатай хэсэг дараах маягаар өөрчлөгдөх ёстой:

ttyv8 "/usr/local/bin/kdm -nodaemon" xterm on secure

5.7.4. XFce

5.7.4.1. XFce-н тухай

XFce нь ГНОМ дээр хэрэглэгддэг GTK+ хэрэгсэл дээр үндэслэгдсэн дэлгэцийн орчин бөгөөд хэрэглэхэд маш хөнгөн амархан тохируулгатай билээ. Өнгөц харахад UNIX системүүд дээр байдаг үнэтэй зарагддаг CDE дэлгэцийн орчинтой төсөөтэй. XFce-н зарим шинж чанарыг дурдвал:

  • Дэлгэцийн орчинд ажиллахад тун амар хялбаршуулсан

  • Хулганы чирж тавих үйлдэл зэрэгт бүрэн тохируулагдсан

  • Цэс болон програм ачаалах үндсэн самбар нь CDE-тэй ижил

  • Цонх зохицуулагч, файл зохицуулагч, дууны оролт гаралтыг зохицуулагч, ГНОМ-н дэмжлэгтэй програмуудыг ажиллуулах тохиромж зэрэг олон зүйлсийг багтаасан

  • Орчноо өөрчилж болдог (GTK+ дэмжлэгтэй учраас)

  • Түргэн, хөнгөн үр бүтээлтэй болохоор санах ойн хязгаарлалтай удаан машинуудад тун тохиромжтой.

XFce-н дэлгэрэнгүй мэдээллийг XFce вэб хуудаснаас хараарай.

5.7.4.2. XFce-г суулгах нь

XFce-н багц хувилбар (үүнийг бичиж байх үед) байдаг. Суулгахын тулд ердөө л:

# pkg_add -r xfce4

Мөн портын цуглуулга дотроос эх бичлэгээс нь хөрвүүлж суулгаж болно:

# cd /usr/ports/x11-wm/xfce4
# make install clean

Одоо Х серверт Х орчныг эхлүүлэх үед XFce-г ажиллуул гэж зааж өгөхийн тулд:

% echo "/usr/local/bin/startxfce4" > ~/.xinitrc

Дараагийн удаа Х эхлэх үед XFce нь дэлгэцийн орчин болсон байна. Мөн өмнөх орчнуудтай ижил, хэрэв XDM зэрэг өөр орчин урьд нь хэрэглэгдэж байсан бол .xsession файлыг үүсгээд ГНОМ хэсэгт тайлбарласан шиг гэхдээ /usr/local/bin/startxfce4 гэсэн утгыг оруулах юм уу эсвэл нэвтрэх үед сонгогдохоор болгож тохируулахыг хүсвэл kdm хэсэгт тайлбарласны дагуу хийх хэрэгтэй.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.