Бяцхан чөтгөрийн бичиг баримтыг монголчлох төслийн ажиллах заавар Бичсэн: Ш. Нацагдорж ТЭМДЭГЛЭЛ: энэ бяцхан бичлэг нь ерөнхий ажиллах заавар бөгөөд төгс дуусаагүй болохоор засаж залруулагдах боломжтой. 1.Танилцуулга 2.Товч удирдамж 3.Дэлгэрэнгүй удирдамж 1.Танилцуулга ============ Юуны өмнө таныг энэ төсөлд хамтран ажиллах гэж байгаад бид тун баяртай байна. Энэ төсөл нь бяцхан чөтгөрийн (FreeBSD) гарын авлагыг монголчилж, юникс үйлдлийн системийг сурах хүсэлтэй монгол хүүхэд залуучууд, оюунтан, эрдэмтдийн гарын авлага болгох зорилготой үүсгэгдсэн билээ. Оролцох хүсэлтэй хүн заавал англи хэл эзэмшсэн байх шаардлагаггүй. Өөрийнхөө чаддаг хэлнээс орчуулж, нэгдсэн нэг монгол гарын авлага бэлдэхэд зорилго оршино. Таны ажиллаж байгаа үйлдлийн систем чөтгөрийнх, эсвэл виндоусынх байж болно. Гэхдээ орчуулсан бичиг баримтаа вэб хуудас болгож харахыг хүсвэл FreeBSD дээр эмхэтгэхээс өөр зам байхгүй. Орчуулахад хэрэглэгдэх програмууд нь - Дурын текст засварлагч (гэхдээ DOS/Windows-ийн орчинд (\r\n буюу ^M гэж Unix/Линукс дээр харагддаг) хоосон мөр нэмдэг засварлагчаас өөр засварлагч ашиглахыг хүсье, энэ талаар Ганболд, Нацагдорж нараас лавлана уу), мөн сүлжээнээс орчуулах файлаа татаж аваад дараа нь буцааж нийлүүлэхэд хэрэглэдэг эх файлын зохицуулагч програм хэрэгтэй. Бид эх файлаа Subversion програмаар зохицуулж байгаа болохоор та юникс дээр бол уг програмыг суулгах, виндоус дээр бол TortoiseSVN програмыг http://tortoisesvn.tigris.org/ хаягнаас татаж аваарай. Нэгнийхээ орчуулж байгаа файлыг давхар орчуулж цаг зав барахгүйн тулд, хоорондоо захиа юмуу чалчигч програмаар хоорондоо холбогдож ямар бүлэг сонгож авсанаа хэлэх хэрэгтэй. Бусад нь нэгнийхээ дууссан орчуулгыг ДЭС ДАРААГААР хянан, алдааг нь хянаж хэлэлцээд залруулах зарчмаар ажиллацгаах болно. Гол үндсэн ажиллах зарчим нь: - Серверээс гарын авлагыг татаж авах - Текст засварлагч дээр орчуулах - Орчуулсан файлаа сервер лүү буцааж нийлүүлэх - Орчуулж дууссанаа бусаддаа мэдэгдэх - Алдаа оноог бусдаасаа сонсоод алдааг залруулж дахин нийлүүлэх Чөтгөрийн бүх бичиг баримт нь SGML гэдэг бичиг баримтын төрөл дээр бичигдсэн бөгөөд өнгөц харахад энэ нь бичигдсэн текст болгон нээх таглаагаар эхлээд хаах таглаагаар дууссан байгаа. Буруу харж дутуу таглавал хөрвөх буюу эмхэтгэх үед алдаа заах учир та зөвхөн таглаануудын хоорондох текстийг орчуулах хэрэгтэй. Зарим текст дунд онцгой үг юмуу мөр оруулах зааварчлах тэмдэгт эсвэл үг байвал ямар утгатай гэдгийг нь эх вэб хуудас хэлбэрээс нь харж магадлаж байвал зохилтой. Мөн FreeBSD-ийн хөгжүүлэгчид гарын авлагын бичиг баримтууддаа өөрчлөлтүүд байнга оруулж байдаг учраас тухай бүрд нь бид гарын авлагын Англи эхийг FreeBSD-ийнхтэй уялдуулж бас шинэчилж байх болно. Тийм учраас орчуулга хийж байх явцдаа гарын авлагын Англи эхтэй тулгаж орчуулгаа хийх хэрэгтэй. Гарын авлагыг хуудас хуудсаар нь орчуулж тухайн хуудсаа орчуулж дуусмагцаа интернэт дээр тавьж шинэчлэх бөгөөд энэ нь орчуулах явцдаа олон нийтэд дэлгэж санаа оноо хүлээж авахад зориулагдана. Нарийн тодорхой үйлдлийн дарааллыг Товч удирдамж эсвэл Дэлгэрэнгүй хэсгээс уншина уу. Ингээд эрхэм танд эрдмийн энэ сайхан үйл хэрэгт хамтран ажиллах гэж буйд талархаж ажлын агуу их амжилт хүсье! 2.Товч удирдамж ============== 2.1 Эх файлаа татаж авах ====================== Эх файл нь англи эх, монгол орчуулга гэсэн хоёр санд хадгалагдсан байгаа. Сүлжээнээс та зөвхөн монгол орчуулгыг татаж авахад хангалттай. Мөн орчуулж байх явцад байнга тулгарч байгаа үгээ орчуулгатай нь wordlist01 гэсэн файлд хадгалж байвал бусад нь тэр файлыг бас татаж авч үг нэмэх, үг харах зэрэгт хэрэглэгдэнэ. Серверээс гарын авлагыг татаж авахдаа юникс дээр: гарын авлагыг хадгалах сан нээгээд уг сан дотроос дараах тушаалыг бүрхүүлийн орчноос (shell) гүйцэтгэнэ. svn checkout http://202.179.0.82/repositories/freebsd_mn_doc/mn_MN.UTF-8/books/handbook Үгийн сан файлыг татаж авахдаа: svn checkout http://202.179.0.82/repositories/freebsd_mn_doc/wordlistionary гэж wordlistionary гэсэн сан татагдаж авагдах бөгөөд дотор нь wordlist01 гэсэн файлд үг нэмэх юмуу үгээ харж болно. виндоус дээр: Эхлээд гарын авлагыг хадгалах шинэ сан үүсгээд тэр сан дотроо хулганыхаа баруун товч дараад TortoiseSVN хэсгээс Checkout цэсийг сонгохоор нэмэлт цонх үүснэ. Уг цонхны URL талбарт http://202.179.0.82/repositories/freebsd_mn_doc/mn_MN.UTF-8/books/handbook гэж бичээд checkout товч дээр дарсанаар уг санд гарын авлага татагдаж авагдана. Үгийн сан файлыг татаж авахдаа: URL талбарт http://202.179.0.82/repositories/freebsd_mn_doc/dictionary хаягийг оруулаад checkout товч дээр дарж wordlistionary гэсэн сан татаж авах бөгөөд дотор нь wordlist01 гэсэн файлд үг нэмэх юмуу үгээ харж болно. 2.2 Орчуулах =========== Орчуулалт нь энгийн текст засварлагч дээр хийгдэнэ. Гэхдээ DOS/Windows-ийн орчинд (\r\n буюу ^M гэж Unix/Линукс дээр харагддаг) хоосон мөр нэмдэг засварлагчаас өөр засварлагч ашиглахыг хүсье, энэ талаар Ганболд, Нацагдорж нараас лавлана уу. Нээсэн таглаа болон хаасан таглааны дунд буй текстүүдийг орчуулна. Нэг бүлэг файл нэг л SGML файл болж бичигдсэн байгаа. Хэрэв та олон хэлтэй бол тухайн хэл дээрх гарын авлагуудыг нь интернэтээс харж хянаж явбал зүгээр. Орчуулалт сайн байж энгийн хүнд ойлгомжтой, утгачлан орчуулахыг танаас хүсэж байна. 2.3 Орчуулсан файлаа сервер лүү нийлүүлэх ===================================== Файлаа нийлүүлэхээс өмнө нийлүүлэх эрхийг сервер зохицуулагчаас (Ганболд ах) заавал авсан байх шаардлагатай. Эрхийг зөвхөн өөрөө ашиглах ёстой. Юникс дээр уг SGML файл агуулсан сан дотроос бүрхүүлийн орчинд дараах тушаалыг гүйцэтгэж уг файлаа сервер лүү нийлүүлнэ. svn commit -m "draft translation of audit chapter" Виндоус дээр уг орчуулсан файл дээрээ хулганы баруун товчийг дараад TortoiseSVN хэсэгт commit гэсэн цэсийг сонгож уг файлыг сервер лүү нийлүүлнэ. Юникс болон Виндоус аль ч үйлдлийн систем дээрээс нийлүүлэхдээ тайлбарыг оруулж байвал вебээр харахад юу хийгдэж байгаа нь хүн болгонд ойлгомжтой болох юм. 3. Дэлгэрэнгүй удирдамж ===================== Нэг татаж авсаныхаа дараа онцгой шаардлага гарахгүй л бол орчуулалт дууссаны дараа сервер лүү нийлүүлэхийг урьтал болгох хэрэгтэй. SVN дээр нэг файлд өөрчлөлт орсон бол уг файлын өөрчлөлтийг илэрхийлж revision гэсэн дугаар хамт нэмэгдэж уг тоо бүх файлд бас давхар заагдаж өгдөг. Тэгэхээр хэрэв та бага орчуулга хийчихээд түүнийгээ сервер лүү нийлүүлээд байвал уг тоо бүх файлд бас давхар нэмэгдэнэ. Тоо их болж нэмэгдлээ гээд аюул байхгүй ч гэсэн цугтаа олон хүмүүс ажиллах тохиолдолд аль болох цөөхөн, тодорхой, ойлгомжтой нэмэгдэж байвал чухал. Хэрэв уг файлд өөрчлөлт гарсан бол сервер зохицуулагчаас (Ганболд ах) мэдээлэл ирнэ. Үгийн сан файлд үг байнга нэмэгдэх болохоор уг файлыг сервер уруу илгээхээсээ өмнө заавал шинэчлэх хэрэгтэй. Таны үг нэмсэн мөрөнд өөр хүн өөр газар бас үг нэмсэн бол уг файлыг шинэчлэх явцад мөргөлдөөн үүснэ. Файлаа шинэчлэхдээ юникс дээр svn update тушаалыг өгнө. Виндоус дээр уг файл дээр хулганы баруун товчийг дараад TortoiseSVN хэсэгт update цэсийг сонгож шинэчлэнэ. Мөргөлдөөн үүссэн файлын нэрийн урд нь C үсэг тавигдсан байгаа. Виндоус дээр бол уг файлын тэмдэгт зураг нь улаан дэвсгэртэй анхаарлын тэмдэгтэй зургаар өөрчлөгдөнө. Мөргөлдөөн үүссэн файлыг тойроод өөр гурван файл үүсдэг. Уг файлууд нь бүгдээрээ ижилхэн нэртэй бөгөөд зөвхөн өргөтгөлүүд нь өөр өөр байгаа. Жишээлбэл би wordlist01 үгийн сан файлыг нийлүүлэхээсээ өмнө шинэчлэхэд мөргөлдөөн үүссэн бол wordlist01 wordlist01.mine wordlist01.rX wordlist01.rX гэсэн файлууд үүснэ. wordlist01.rX -н X оронд тоонууд байгаа. Тайлбар: wordlist01 файл нь хүмүүсийн хийсэн өөрчлөлтийг миний хийсэн өөрчлөлттэй нь хамтад нь нийлүүлсэн файл. wordlist01.mine файл нь зөвхөн миний хийсэн өөрчлөлтийг агуулсан хувилбар. wordlist01.rX файл нь миний өөрчлөлт хийхээс өмнөх хувилбар нь гэсэн үг. Хэрэв би wordlist01 файл доторхийг харвал >>>>>>>>>> .mine ================ <<<<<<<<<< .rX гэж тухайн мөрөнд гарсан миний өөрчлөлт болон бусдын өөрчлөлтүүдийг тэмдэглэсэн тэмдэглээгээр зааглагдсан байгаа. Хэрэв та энэ хувилбарыг илгээхийг хүсвэл эдгээр тэмдэглэлүүдийг арилгаж хадгалаад юникс дээр бол svn resolved wordlist01 тушаалыг өгч уг мөргөлдөөнийг зохицууллаа гэдгээ серверт мэдэгдээд, дараа нь svn commit хийж уг файлыг нийлүүлнэ. Виндоус дээр та уг файл дээр хулганы товчийг дарж TortoiseSVN хэсгээс solved цэсийг сонгож серверт мэдэгдээд дараа нь commit цэсийг сонгож нийлүүлнэ. Хэрэв та зөвхөн өөрийнхөө өөрчлөлт хийсэн файлыг нийлүүлнэ гэвэл wordlist01.mine файлыг wordlist01 нэртэй болгож хадгалаад уг файлаа нийлүүлэх хэрэгтэй. Хэрэв ингэвэл өөр хүний хийсэн өөрчлөлт уг файлд оролгүйгээр серверт нийлэгдэх болохоор энэ арга бидний үгийн сан нийлүүлж байгаа тохиолдолд тийм тохиромжтой биш. Хэрэв ямар нэгэн хүндрэл болон мэдэхгүй асуудал гарвал төслийн удирдагч Ганболдтой эсвэл бусад гишүүдтэй захиагаар болон чалчигч месенжер програм дээр холбоо тогтоож хүндрэлээ мэдэгдэж тусламж авах хэрэгтэй. 2006 оны 10 дугаар сарын 31.